Архаг өвчтэй иргэдийн эмийн зардлыг бууруулах чиглэлээр 'Эрүүл мэндийг дэмжих жил-2027' хөтөлбөр батлагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан “Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Энэхүү төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд тусгагдсан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ багтжээ. Арга хэмжээнүүд иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.
Одоогийн байдлаар хөнгөлөлттэй эм хэрэглэж буй 873 мянган иргэний 584 мянга нь буюу 67 орчим хувь нь артерийн даралт ихсэлт, цус бүлэгнэлтийн эсрэг эм, чихрийн шижингийн эм хэрэглэж байгааг дурджээ. Эмчилгээгээ тогтмол үргэлжлүүлж чадахгүйгээс өвчин хүндэрч, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна эрүүл мэндийн салбарын зардалд ч шууд нөлөөлж байна гэж үзсэн байна.
Тиймээс нэгдүгээрт, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахыг онцолсон бол хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг тусгажээ. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж, илэрсэн эрсдэл, өвчлөлийг эмчилгээ болон эмчийн хяналттай холбох тогтолцоог бэхжүүлэх аж. Дөрөвдүгээрт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжихээр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийг нэг жилийн кампанит ажил бус, иргэдийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын нөөцийг илүү үр ашигтай ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх жил болгон хэрэгжүүлэхээ онцолсон байна.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

