Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна гэв

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ‘Эрүүл мэндийг дэмжих жил-2027’-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг даалгав. Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлэхийг үүрэг болгов.
Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ багтжээ. Эдгээр нь иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байна.
Одоогоор хөнгөлөлттэй эм хэрэглэж буй 873 мянган иргэний 584 мянга буюу 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг эм, чихрийн шижингийн эм хэрэглэж байна. Эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх нь иргэдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын зардалд шууд нөлөөлж байгаа аж.
Тиймээс нэгдүгээрт, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгой анхаарахын зэрэгцээ хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг тусгажээ. Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж, илэрсэн эрсдэл, өвчлөлийг эмчилгээ, эмчийн хяналттай заавал холбох тогтолцоог бэхжүүлнэ. Дөрөвдүгээрт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжихээр төлөвлөсөн байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ‘Эрүүл мэндийг дэмжих жил’-ийг нэг жилийн кампанит ажил бус, иргэдийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын нөөцийг илүү үр ашигтай ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх жил болгон хэрэгжүүлэхээ онцолсон.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

