Аравдугаар сарын 20-нд Монгол даяар Төрийн дуулал эгшиглэнэ

2026 оны аравдугаар сарын 20-ны Мягмар гарагийн 11:40 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд Монгол Улсын Төрийн дуулал нэгэн зэрэг эгшиглэхээр төлөвлөжээ. Энэхүү санаачилгыг Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Одмөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүх гаргасан бөгөөд “Төрийн дууллын өдөр” нэртэйгээр зохион байгуулагдана.
Эх орон, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Төрийн дууллаа нэгэн цагт хамтдаа дуулах энэхүү үйл ажиллагаа нь иргэд, хүүхэд залуусын эх орноороо бахархах үзэл, үндэсний ухамсар, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой гэж мэдээлж байна.
Санаачилга олон нийтийн дэмжлэгийг хүлээж, нийгмийн олон салбарын төлөөлөл нэгдэж эхэлжээ. Монголын урлаг, спортын алдартнууд, олны танил эрхмүүд “Төрийн дууллын өдөр”-ийг дэмжиж, иргэдийг Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг уриалж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар санаачилгад идэвхтэй нэгдэж, анги хамт олноороо Төрийн дууллыг дуулсан бичлэгээ илгээсээр байгаа аж. Бага ангийн сурагчдаас ахлах ангийн хүүхдүүд хүртэл багш нартайгаа хамтран дуулж, эх орноороо бахархах сэтгэлээ илэрхийлж байна.
Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн илгээсэн бичлэг онцгой анхаарал татжээ. Эх орноосоо алс хол, хүний нутагт төрж өссөн ч эх хэл, өв соёлоо мартахгүйгээр Монгол хэлээрээ хичээллэдэг монгол сургуулийн 300 гаруй хүүхэд Төрийн дууллыг хамтдаа дуулж, эх орон руугаа бичлэгээ илгээсэн байна.
Ийнхүү “Төрийн дууллын өдөр” нь урлаг, спортын алдартнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүд, эх орондоо болон хилийн чанадад амьдарч буй монголчуудын дэмжлэгээр хүрээгээ тэлж байна.
2026 оны аравдугаар сарын 20-ны Мягмар гарагийн 11:40 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд Монгол Улсын Төрийн дууллыг нэгэн зэрэг хамтдаа эгшиглүүлэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

НӨАТ-ын III улирлын буцаан олголтоос татвар төлөх хүсэлтийг 19-23-нд хүлээн авна

Л.Гантөмөр: Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг ард түмэнд өгөх ёстой

Нийслэлийн авто замын ажил удааширсан компаниудад хариуцлага тооцно

Говь-Алтайн Цогт, Дэлгэр суманд 20,855 мал устгаж, голомтын ариутгал дуусжээ

Монгол-Германы дипломат харилцааны 50 жилийн ой: стратегийн түншлэл

