Аравдугаар сард 260-270 мянган тонн шатахуун импортлохоор захиалгаа баталгаажуулжээ

AI мэдээ
Аравдугаар сард 260-270 мянган тонн шатахуун импортлохоор захиалгаа баталгаажуулжээ

Монгол Улс сард дунджаар 230 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Өнгөрсөн сард 279.8 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 64 мянган тонн нь АИ-92 шатахуун, 215 мянган тонн нь дизель түлш байсан гэж Шуурхай штабаас мэдээлэв. Энэ сарын захиалгыг баталгаажуулах ажил үргэлжилж байна.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамны Газрын дарга Ч.Хишигдалай "Аравдугаар сард ОХУ-аас 60 мянга орчим тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалгаа баталгаажуулсан. БНХАУ-аас 8 мянган тонн бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Түүнчлэн Солонгос, Сингапураас далайгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Энэ сарын дундуур ирнэ. Нийтдээ 77-78 мянган тонн импортлохоор захиалгаа баталгаажууллаа. Аравдугаар сард батлагдсан хуваарийн дагуу татан авбал АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байх боломжтой" гэжээ.

Өвлийн дизель түлшний хувьд ОХУ-аас 160 мянган тонн, БНХАУ-аас 10 мянга гаруй тонн авахаар баталгаажуулсан. Бусад эх үүсвэрээс 30-40 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалж байна. "Аравдугаар сард өвлийн дизель түлшинд шилждэг. Энэ үед 8-9 дүгээр сард худалдаж авсан дизель түлшээ хэрэглэж дуусгаад өвлийн дизель түлшийг импортоор авна. Иймд дизель түлшний хувьд ч бидний батлагдсан захиалга хуваарийн дагуу үргэлжилбэл ямар нэг асуудал гарахгүй. Энэ сард нийтдээ 260-270 мянган тонн бүтээгдэхүүн авна. Үүний 77 мянган тонн нь АИ-92 автобензин байна. Хэрэглээнд хангалттай хүрэхээр захиалсан" гэж Ч.Хишигдалай нэмж хэлэв.

Шатахуун шаглан зарж байгаа асуудлаар цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна. "Автомашин хөлөглөсөн болон мотоциклтой хүмүүс зохион байгуулалттайгаар дарааллыг нэмэгдүүлж, нэг газраас банкаа дүүргээд дараагийн хүнд саванд хийж шагийн үнээр зарж, дараалал буурахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Хууль хүчний байгууллага шалгаж байна" гэж тэрээр хариулав.

Нийгэм, эдийн засагУншигчдад
3

Холбоотой мэдээ