Аппликэйшний зээлийн сарын хүү 4.5 хувиас хэтрэхгүй байхаар шийдвэрлэлээ

Банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-уудын зээлийн хүү, нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаан хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан гэж тус хороо мэдээллээ.
Хяналт шалгалтаар технологид суурилсан, аппликэйшнээр дамжуулан зээл олгодог байгууллагууд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17.1-т заасан зөвлөлөөс тогтоосон сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээлийг иргэдэд олгосон нь илэрсэн байна. Харин иргэд, аж ахуйн нэгж ББСБ-аас барьцаатай буюу уламжлалт зээл авахад зээлийн сарын дундаж хүү 2.9 хувь байжээ.
Иргэдийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн нөхцөлийг ил тод, хариуцлагатай болгох, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор 2026 оны аравдугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс ББСБ-уудын сарын зээлийн хүүг зөвлөлөөс тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Мөн зээлийн давхардал үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай бүрд холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор бүрэн, шуурхай нийлүүлж байхаар болсон байна.
Зээлийн хүүгийн тогтоосон дээд хэмжээг зөрчсөн ББСБ-д хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Түүнчлэн зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд нэмэлт санхүүгийн дарамт үүсгэж байгаа зээлийн үйлчилгээтэй холбоотой шимтгэл, хураамжийг зохицуулах зорилгоор холбогдох хууль тогтоомж, журамд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа гэж хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ

Улаанбаатар хот тийболлын спортыг хөгжүүлэхээр Японтой хамтран ажиллана

Монгол, Германы Хамтарсан тунхаглалын гол агуулга: алт боловсруулах үйлдвэр, визийн хөнгөлөлт

Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлыг 30 хоногт тогтооно

Монголбанк, Германы Холбооны банктай санамж бичиг байгууллаа

Баруун аймгуудын нутгаар цасаар шуурна

