Apple анхны эвхэгддэг iPhone Duo загвараа танилцууллаа

Apple компани энэ оны шинэ iPhone загваруудаа танилцуулах арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орсон шинэ гүйцэтгэх захирал Жон Тернус оролцжээ.
Арга хэмжээний гол үйл явдал нь тус компанийн анхны эвхэгддэг загвар болох iPhone Duo-г танилцуулсан явдал байв.
Мөн Apple iPhone 18 Pro, iPhone Pro Max, AirPods 5, Apple Watch Series 12 болон Apple Watch Ultra 4 зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулжээ.
iPhone Duo


Бусад үйлдвэрлэгчид эвхэгддэг ухаалаг гар утасны загваруудаа хэдэн жилийн өмнө танилцуулсан ч iPhone Duo гарснаар Apple энэ төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд "mainstream" болгож байна.
Уг загвар нь гадаад, дотоод хоёр дэлгэцтэй бөгөөд аппликэйшнүүд дэлгэцүүдийн хооронд тасалдалгүй шилжиж байлаа.
Дотоод дэлгэц нь "matte" өнгөлгөөтэй, голын нугалааг анзаарагдахгүй болгосон бөгөөд хэмжээ нь 7.6 инч бөгөөд дэлгэгдсэн тохиолдолд хамгийн том, хамгийн нимгэн iPhone болж байна.
Харин 5.4 инчийн гадаад дэлгэц нь iPhone 18 Pro загварын дэлгэцийн хэмжээний 90 хувьтай тэнцэх тул утсаа дэлгэхгүйгээр энгийн үйлдлүүдийг гүйцэтгэхэд хангалттай гэнэ.
iPhone Duo нь удахгүй Apple Pencil үзэгтэй ажиллаж чаддаг болох гэнэ.
Анхны эвхэгддэг загвар нь iPhone бүтээгдэхүүний үнийн түүхэн дээд жишгийг тогтоосон бөгөөд 256Gb санах ойтой хамгийн энгийн загвар $1,999, хамгийн том багтаамжтай загвар $3,199 болжээ.
Урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, 23-наас худалдаанд гарах гэнэ.
iPhone 18 Pro, iPhone Pro Max


iPhone 18 Pro, iPhone Pro Max загваруудын танилцуулга iPhone Duo-гийн сүр дуулианд дарагдсан байна.
Эдгээр загварууд өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй бөгөөд "хамгийн хурдан чип", "сайжруулсан камер, батарей", "AI-аар хүчирхэгжсэн шинэ Siri туслагч" зэрэг шинэчлэлтүүд нэвтэрчээ.
iPhone 18 Pro загварын үнэ $1,199-ээс $2,399-ийн хооронд, iPhone 19 Pro Max загварын үнэ $1,299-ээс $2,499-ийн хооронд байх гэнэ. Урьдчилсан захиалга болон худалдаанд гарах хугацаа нь iPhone Duo загварынхтай ижил.
Шинэ захирал Жон Тернус танилцуулгын үеэр iPhone ухаалаг гар утсыг "хиймэл оюуны эрин үеийн хамгийн хүчтэй хамгаалалт бүхий хамгийн шилдэг хувийн төхөөрөмж" гэж тодорхойлжээ.
Бусад бүтээгдэхүүнүүд


Apple-ийн танилцуулсан бусад бүтээгдэхүүнүүдэд эрс шинэчлэл нэвтрээгүй, өмнөх загваруудаасаа тодорхой түвшинд сайжирсан байна.
Apple Watch Series 12 болон Apple Watch Ultra 4 загварууд нь удахгүй сонсголын бэрхшээлтэй хүмүүст дуут дохионуудыг илүү тод хүргэдэг болох гэнэ. Мөн зүрхний цохилтын мэдрэгч сайжирч, хэрэглэгчийн идэвх, эрүүл мэндийн амин чухал үзүүлэлтүүд, нойрны чанарыг үнэлэх замаар "бэлэн байдлын" (readiness) оноог гаргадаг болжээ.
AirPods 5 чихэвчний хувьд гаднын чимээг дарах, дуугаралт, яриаг өөр хэлнээс шууд орчуулах чадварууд нь өмнөхөөсөө сайжирсан байна.
Apple Watch Series 12 цаг $399-$1,249, Apple Watch Ultra 4 цаг $799-$899, AirPods 5 чихэвч $129-$149 үнээр худалдаанд гарахаар болжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

