АНУ-ын зүүн эргийн нисэх буудлуудад кабель тасарснаас нислэг саатжээ

Даваа гарагт АНУ-ын хэд хэдэн томоохон нисэх буудалд нислэгийн хөдөлгөөн тасалдаж, олон зуун нислэг хойшилсон. Шалтгаан нь барилгын ажилчид агаарын хөдөлгөөний удирдлагын системд ашиглагддаг кабелийг санамсаргүй тасалсан явдал байв.
Үдээс хойш Нью-Йорк, Пенсильвани, Нью-Жерси, Массачусетс мужуудын нисэх буудлуудад хөөрөх, газардах онгоцыг түр зогсоожээ.
Хэдэн цагийн дараа тээврийн сайд Шон Даффи кабель засварлагдаж, нисэх буудлууд хэвийн ажиллагаанд шилжсэнийг мэдэгдсэн. Гэсэн хэдий ч нислэгийн саатал үргэлжлэх төлөвтэй байна.
Энэ осол Мягмар гарагт Нью-Йорк хотод эхлэх НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулгантай давхцаж байна. Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд уг арга хэмжээнд оролцохоор Нью-Йорк орчмын нисэх буудлуудад газардаж эхэлсэн.
Кабель тасарсан нь онгоцны хөөрөх, газардах үйлдлийг удирддаг Terminal Radar Approach Control системийн хэвийн ажиллагаанд нөлөөлсөн байна.
Барилгын ажлын үеэр ухах газрыг буруу тэмдэглэснээс осол гарсныг албаныхан тайлбарлажээ. Даффигийн мэдээлснээр АНУ-ын хот хоорондын төмөр замын Amtrak компанийн ажилчдын үйл ажиллагааны алдаанаас кабель тасарсан байна.
Кабелийг эзэмшдэг Verizon харилцаа холбооны компани уг осолд буруугүйгээ мэдэгдсэн.
Нью-Йорк хотын гол гурван нисэх буудлын нэг Ньюарк Либерти Интернэйшнл нисэх буудлын үйл ажиллагаа хамгийн их доголдсон. Тус буудалд Даваа гарагт хөөрөх 267 нислэг, газардах 257 нислэг саатжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

