АНУ-ын ЭСЯ-ны шинэ барилгыг 2027 оны хавар барьж эхэлнэ

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны шинэ барилга барих төслийг АНУ-ын Төрийн Департамент эхлүүлж буйгаа мэдэгдсэн байна. Барилгын ажил 2027 оны хавар эхлэхээр төлөвлөгдөж байна.
Тус барилгад дотоодын материал, ажиллах хүчийг ашиглах бөгөөд газар, ус, тэнгэрийн бэлгэдлийг шингээхээр төлөвлөсөн нь Монголын эдийн засгийг дэмжих, байгалийн дурсгалт өвийг хүндэтгэх илрэл гэж үзжээ.
Шинэ байгууламжийн инженерийн шугам сүлжээний холбогдох гэрээг АНУ-ын Засгийн газар саяхан Монголын дотоодын гүйцэтгэгч компанид олгосон байна. Энэхүү гэрээ нь Элчин сайдын яамны үндсэн барилгын ажилтай уялдан тусдаа төсөл хэлбэрээр хэрэгжиж, байгууламжийг хотын инженерийн шугам сүлжээнд холбох талбайн гаднах дэд бүтцийн ажлыг багтаана.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган «АНУ-ын Элчин сайдын яамны шинэ барилгыг барих нь Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын хоорондын бат бэх харилцааны ач холбогдлыг онцлон харуулж буй чухал үйл явдал» гэж тэмдэглэн хэлээд «Бид Монгол Улсын стратегийн гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархалтай байдаг бөгөөд Элчин сайдын яамны шинэ барилга түншлэлээ гүнзгийрүүлэх бидний тууштай байр суурийг харуулна» хэмээжээ.
Хан-Уул дүүрэгт байрлах уг төслийг гүйцээхэд ойролцоогоор таван жил шаардагдана гэсэн тооцоололтой байна.

Барилга ашиглалтад орсноор консулын үйлчилгээний талбай илүү цэлгэр болж, Элчин сайдын яамны ажилтнууд болон зочдод илүү тав тухтай орчинд ажиллах боломж бүрдэнэ. Шинэ байгууламж нь Элчин сайдын яамны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлж, хоёр орны аль алинд нь ашиг тусаа өгнө.
Энэхүү бүтээн байгуулалт нь АНУ, Монгол Улсын хоорондын урт удаан, харилцан ашигтай харилцааны тод илрэл бөгөөд Монголын ард түмэнтэй урт хугацаанд хамтран ажиллах тууштай эрмэлзлийг илэрхийлж, дипломат, эдийн засаг, соёлын харилцааг хойч үеийнхэнд зориулан улам бэхжүүлэхэд чиглэж байна.
Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германд төрийн айлчлал хийхээр мордлоо

Г.Лувсанжамц: Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд хуримтлуулах санал өгсөн

Хотын дарга: Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй дарга нарын жагсаалт надад ирж байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахыг санал болголоо

П.Ганзориг: Цалин, тэтгэвэрт 1 их наяд гаруй төгрөг зарцуулна

