АНУ Украинд 2.7 тэрбумын агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг нийлүүлэхээр боллоо

Киевийн удаа дараагийн хүсэлтийн дараа АНУ-ын засаг захиргаа Украинд 2.7 тэрбумын өртөгтэй агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, техник нийлүүлэх шийдвэр гаргаснаа Баасан гарагийн орой Конгресст илгээсэн мэдэгдлээр дуулгажээ.
Төрийн департаментын мэдэгдэлд Украины засгийн газарт агаарын довтолгооноос хамгаалах системийг сайжруулах тоног хэрэгсэл, холбогдох төхөөрөмж, үйлчилгээг нийлүүлэхээр тусгасан байна. Уг саналыг Конгресс хянан хэлэлцсэний дараа эцсийн шийдвэр гарна.
"Хэрвээ энэхүү нийлүүлэлт хэрэгжвэл Украин улс Европын орнуудын хандив болон өмнөх засаг захиргааны үед батлагдсан АНУ-ын санхүүжилтийн хөтөлбөрийн хөрөнгийг хослуулан төлж барагдуулах болно. Нийт өртөг $2.68 тэрбум байхаар тооцоолж байна" гэж төрийн департамент мэдэгджээ.
Киев хотыг чиглэсэн Оросын агаарын довтолгоо сүүлийн үед эрчимжиж, баллистик пуужингийн халдлагыг эсэргүүцэх зэвсэг техникийн дутагдал Украины талд тулгарч байгааг эх сурвалж дурдсан.
Бямба гарагт ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тус улсын эсрэг АНУ-ын авсан шинэ хориг арга хэмжээг "цэргийн хүчээр сөрөн зогсох" замаар эсэргүүцэх ёстой гэж мэдэгдсэн. Тэрбээр Оросын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албыг хашдаг бөгөөд Телеграм сувагтаа "Далайн цаана байгаа ч тэд зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр сөрөн зогсох хэлийг ойлгодог бөгөөд үхсэн террорист Грэмийн нэрэмжит хууль мэт Оросын эсрэг харгис үйлдлүүдэд бид яг ийм хэлээр хариуг нь өгөх ёстой" гэж бичжээ.
Баасан гарагт АНУ-ын Конгрессын зөвшөөрөл өгсөн шинэ хориг арга хэмжээний хуулийн төслийг ерөнхийлөгч Дональд Трамп баталсан. Сенатор агсан Линди Грэмийн нэрээр нэрлэгдсэн энэ хууль нь Оросын эрчим хүч, батлан хамгаалах салбар болон Путин, Кремлийн бусад өндөр албан тушаалтнуудыг онилж байгааг эх сурвалж онцолсон.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

