Айчи Нагоя 2026: Монгол Улс 15 медаль хүртэж, сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилт үзүүлэв

Японы Нагоя хот болон Айчи мужийн ойр орчмын хотуудад зохиогдсон Азийн XX наадам энэ сарын 4-нд өндөрлөлөө. Тус наадамд 45 орон болон дүрвэгчдийн багийн 10,615 тамирчин 59 төрөлд нийт 1,568 медалийн төлөө өрсөлдсөн.
Монгол Улс 298 тамирчинтай (эмэгтэй 152, эрэгтэй 146) оролцож, нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл буюу нийт 15 медаль хүртэж, медалийн чанараар 27 дугаарт жагслаа.
Медалийн хуваарилалт
Спортын төрлөөр нь авч үзвэл:
- Жүдо — 7
- Чөлөөт, сонгомол бөх — 4
- Дугуй — 1
- Бокс — 1
- Жюү Жицү — 1
- Цахим спорт (баг) — 1
Хүйсийн харьцаагаар эрэгтэй 11, эмэгтэй найман тамирчин медаль хүртжээ.
Нэг тамирчинд ногдох медалийн тоо 0.051 байсан нь 46 орноос 35 дугаарт орох үзүүлэлт болжээ.
Монгол Улсын түүхэн үзүүлэлт
Монгол Улс 1974 онд Иранд болсон Азийн наадмаас эхлэн оролцож, тухайн тэмцээнд хоёр алт, таван мөнгө, найман хүрэл буюу нийт 15 медаль хүртэж байв. Энэ жилийн наадмыг оролцуулаад нийт 26 алт, 51 мөнгө, 104 хүрэл буюу 181 медаль хүртээд байна. Медалийн тоогоор тэргүүлсэн жил 2018 он (24 медаль, үүний дөрөв нь алт) байсан бол хамгийн олон алтыг 2014 онд (тав) авч байжээ.
2026 оны Азийн наадамд гаргасан амжилт сүүлийн 20 жилийн хамгийн тааруу үзүүлэлтээр бүртгэгдлээ.
Медалийн үр ашиг, бүтээмж
Наадмын 59 спортын төрлөөс Монгол Улс 34 төрөлд оролцсон нь 46 орноос 14 дүгээрт эрэмбэлэгдэх үзүүлэлт. Гэвч оролцсон 34 төрлөөс зургаан төрөлд медаль хүртсэн нь 31-д жагссан үзүүлэлт байв.
Хамгийн олон тамирчин илгээсэн улсуудын жагсаалтад Япон 922, Хятад 797, БНСУ 787, Тайланд 671, Хонг Конг 582 тамирчинтайгаар эхний тавд орж байгаа бол Монгол Улс 298 тамирчинтайгаар 15 дугаарт бичигдэв.
Цөөн тамирчинтай ч үр дүнтэй оролцсон улсууд:
- Бруней — зургаан тамирчин, нэг медаль (0.16)
- Ирак — 14 тамирчин, таван медаль (0.35)
- БНАСУ — 104 тамирчин, 29 медаль (0.28)
- Бахрейн — 124 тамирчин, 22 медаль (0.18)
Харин Монгол Улс 298 тамирчин, 15 медаль (0.05) гэсэн үр дүн үзүүлэв.
Бусад сонирхолтой баримтууд
Тамирчдын настай холбоотой үзүүлэлтүүд:
- Хамгийн залуу: Юүки Күрихара (11 нас, Япон, цахим спорт)
- Хамгийн ахмад: Саватэ Срестапорн (63 нас, Тайланд, буудлага)
- Хамгийн залуу медальт: Юки Күрихара (11 нас, алт)
- Хамгийн ахмад медальт: Абдуллах Алрашиди (63 нас, мөнгө)
- Хамгийн залуу спорт: скейтборд (дундаж нас 17.3)
- Хамгийн ахмад спорт: морин спорт (дундаж нас 33.6)
- Хамгийн түгээмэл овог: KIM (194), LEE (162), CHEN (112), NGUYEN (112), WANG (93)
- Хамгийн олон 16 хүртэлх насны тамирчинтай улсууд: Тайланд (35), Монгол (28), Сингапур (25)
Нийт хоёр ба түүнээс дээш медаль авсан 452 тамирчин байна. Дөрвөөс олон медаль хүртсэн бүх тамирчид усанд сэлэлтийнх байгаа бол араас нь харваа, гимнастик, ширээний теннисний тамирчид орж байна.
Холбоотой мэдээ

Монгол, Өвөр монголын багийн халз барилдаан тэнцээгээр өндөрлөв

Айчи-Нагоя 2026: Монголын 44 тамирчинг паралимпын наадамд үдэн гаргалаа

13 настай Хятадын тамирчин Азийн наадмын эмэгтэй MVP болжээ

Азийн XX наадам өндөрлөж, Монголын тамирчид 15 медаль хүртэв

Монгол Улс, FIFA хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа

