Айчи-Нагоя 2026: Азийн зуны XX наадам албан ёсоор эхлэв

AI мэдээ
Айчи-Нагоя 2026: Азийн зуны XX наадам албан ёсоор эхлэв

Японд зохион байгуулагдаж буй Азийн зуны спортын XX наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ. "Imagine One Asia" уриатай энэ удаагийн наадамд Ази тивийн 45 улс оролцож, энэ сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал спортын олон төрөлд өрсөлдөнө.

Монгол Улсаас 34 төрөлд 299 тамирчин өрсөлдөхөөр Японд хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний эхний хэсэг Нагоя хотод иржээ. Өнөөдрийн нээлтийн ёслолд манай улсаас 100 гаруй тамирчин, албаны хүн оролцож байна.

Зохион байгуулагч Япон Улс 927 тамирчнаа бүртгүүлж, оролцогч улсуудын дунд хамгийн олон тамирчинтай нь болж байна. Түүний дараа БНХАУ 811, БНСУ 787, Тайланд 690 тамирчин оролцуулахаар бүртгүүлжээ.

Нээлтийн ёслол "Palorma Mizuho Stadium"-д орон нутгийн цагаар 18:00 цагт эхэлсэн. 30,000 хүний багтаамжтай тус цэнгэлдэхэд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар оролцлоо.

Монголын багийн тугчаар дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Ч.Тэмүүлэн болон волейболын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ П.Энххүслэн нар сонгогдсон байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ болон Азийн олимпын зөвлөлийн хүндэт гишүүдтэй хамт хүндэтгэл үзүүлж суусан бол, "Айчи-Нагоя-2026" ХХ Азийн наадмын Монголын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Баттулга, дэд ахлагч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Соёлын сайд Ж.Алдаржавхлан, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.

СпортУншигчдад
2

Холбоотой мэдээ