АХБ: Монголын эдийн засаг 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь өснө

Монгол Улсын эдийн засгийн төлөвийг Азийн Хөгжлийн Банк (АХБ) танилцуулсан бөгөөд ДНБ-ий өсөлт 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6 хувь байна гэсэн өмнөх төсөөллөө өөрчлөөгүй.
АХБ-ны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргил "2027 онд тэтгэврийн багц шинэчлэл, татварын багц шинэчлэл зэрэг хэрэгжиж эхэлснээр татварын ачаалал буурч, өрхийн хэрэглээгээр дамжин эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх эдийн засгийг идэвхжүүлэх бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байна. 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд үндэслээд худалдааны борлуулалт, боловсруулах үйлдвэрлэл буурсан нь дотоод эрэлт суларч байгааг илтгэж байгаа тул төсөөллийг нэмэгдүүлэхгүй байх үндэслэл болсон" гэж мэдэгдсэн.
Инфляцын хувьд 2026 онд 7.8 хувь байна гэсэн төсөөллийг 10.7 хувь, 2027 онд 6.8 хувь гэснийг 8.3 хувь болгон тус тус өсгөсөн. З.Мөнх-Оргил "Шинэчлэх болсон шалтгаан нь нэгдүгээрт махны үнэтэй холбоотой. Удаах шалтгаан нь шатахууны үнэ" гэж тайлбарласан.
Эдийн засагт учирч болох дөрвөн эрсдэл
- ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдэд нэмэлт хохирол учрахтай холбоотой шатахууны нийлүүлэлтийн тасалдал удаан үргэлжилбэл үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, инфляцад шууд дамжих эрсдэлтэй.
- Махны үнэ өндөр хэвээр байж, инфляц хоёр оронтой тоонд удаан хадгалагдах эрсдэл. АХБ-ны төсөөллөөр үнийн дарамт аажмаар буурах ч буурах хурд нь төсөөлснөөс бага байвал мөнгөний хатуу бодлого удаан үргэлжлэх магадлалтай.
- Төсвийн зардлыг 32 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан нь өрхийн хэрэглээгээр дамжиж эдийн засагт эерэг нөлөөлөх боловч эрэлтийн гаралтай инфляцыг нэмэгдүүлэх эрсдэл бий.
- Уул уурхайн орлогын савлагаа нь эдийн засгийн суурь эрсдэл. Төсвийн зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн энэ үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болон экспорттой холбоотойгоор төсвийн орлого огцом буурвал эдийн засаг эмзэг болно.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

