Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто зам тавдугаар сарын 5-нд дуусна

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Агарта хотхоны баруун талын Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх 350 метр урт авто зам барих ажил энэ сарын 5-нд дуусна. Зорчих хэсгийг 7 метрийн өргөнтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метрийн явган хүний замтай, нэг талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөжээ.
Гүйцэтгэгч компанийн төлөөлөл “Есдүгээр сарын 5-нд авто зам болон явган хүний замын ажлыг бүрэн дуусгаж, цэвэрлэгээ хийнэ. Авто замын гэрэлтүүлгийг суурилуулсан бөгөөд холболт хийж, асаахад бэлэн болсон” гэв.
Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер “Яармагийн босоо чиглэлийн дагуу Нүхтийн болон одоо шинээр баригдаж байгаа туслах авто зам ашиглагдана. Хүнд даацын тээврийн хэрэгсэл Нүхтийн замаар зорчино. Харин шинээр барьсан авто замаар хотхоны оршин суугчид зорчиход тохиромжтой байдлаар явган хүний зам, хурд сааруулагч тавьсан” гэж мэдээлэв.
Дэлхийн банкны санхүүжилтээр барих 10 километр урт, зургаан эгнээ авто замын байршилтай уялдуулан хүнд даацын тээврийн хэрэгслийн өндрийн хязгаарын тэмдгийг байршуулна. Хан-Уул дүүргийн холбогдох байгууллагад мэдээллээ өгсний дараа тэмдгийг байршуулна гэж өнөөдөр /2026.09.04/ мэдээлсэн.
Тус байршилд Дэлхийн банкны Тогтвортой авто замын төслийн хүрээнд 6 эгнээ, 10 километр урт авто замыг барих гүйцэтгэгч байгууллага тодорч, ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа юм.
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр, босоо чиглэлийн туслах замыг нийслэлийн төсвийн 700 сая төгрөгөөр барихаар баталсан бөгөөд авто замыг барих ажил долоодугаар сард эхэлсэн.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

