Агаарын чанарын мэдээллийн төв ашиглалтад орлоо

AI мэдээ
Агаарын чанарын мэдээллийн төв ашиглалтад орлоо

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацтай хамтран хэрэгжүүлсэн "Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах" төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт "Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв"-ийг тохижуулан ашиглалтад оруулсан байна.

Тус төвд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн орчны агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5, PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийн бодит цагийн өгөгдлийг шууд хүлээн авч мэдээлдэг www.agaar.gov.mn цахим сайт, агаарын чанарын хяналт-шинжилгээний анхан шатны мэдээ, өгөгдлийг хүлээн авах MAMIS төв сервер, Улаанбаатар хотын агаар, орчны фото мониторинг хийх камер суурилагдсан.

Төв ашиглалтад орсноор агаарын чанарын хяналт-шинжилгээний мэдээ, мэдээлэл, тайлан, дүгнэлтийг төрийн байгууллага, олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Мөн цаг агаарын урьдчилсан мэдээний адил агаарын бохирдлын урьдчилсан прогнозыг боловсруулан иргэдэд хүргэснээр агаарын чанарын төлөв байдлыг урьдчилан мэдэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа төлөвлөх, эрүүл мэндээ хамгаалах зохистой арга хэмжээ авах боломжтой болж байна.

Агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул хяналт-шинжилгээний тасралтгүй, бодит, найдвартай хэмжилтийн мэдээлэл нь байгаль орчны зөв бодлого боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын үндэс суурь болно.

Нийгэм, эдийн засагУншигчдад
1

Холбоотой мэдээ