Агаарын бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлт гарчээ

Агаарын бохирдол амиа хорлох эрсдэл, түүнчлэн амиа хорлох тухай бодол сэдлийг нэмэгдүүлдэг болохыг олон улсын судалгааны үр дүн харуулсан байна.
Байгаль орчны бохирдол сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдэг нь өргөн тархсан ойлголт ч амиа хорлох эрсдэлтэй холбоотой эсэх талаарх мэдлэг хангалтгүй байжээ.
Энэ чиглэлээр Белфаст дахь Күиний Их Сургуулийн эрдэмтэд агаар, дуу чимээ, гэрэл, усны бохирдол хүний амиа хорлох эрсдэлд хэрхэн нөлөөлдгийг судалсан байна.
Тэд салбарын 29 судалгаанд нэгдсэн дүн шинжилгээ хийхэд агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор болон азотын давхар исэл нь амиа хорлох, амиа хорлох оролдлого, амиа хорлох тухай бодол сэдэл төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь харагдсан.
Түүнчлэн нэмэлтээр хийсэн 16 судалгааны нэгдсэн дүн шинжилгээгээр хүхрийн давхар исэл, озон зэрэг бусад агаарын бохирдуулагч болон дуу чимээний бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй нь тогтоогдсон.
Харин гэрэл болон усны бохирдлын хувьд нөлөөлдөг гэх нотолгоо хангалттай олдоогүй байна.
Journal of Epidemiology and Community Health сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны үр дүн нь амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх стратеги, арга зүйд байгаль орчны бохирдлын хүчин зүйлийг авч үзэх шаардлагатайг, мөн амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн асуудалд тооцох ёстойг харуулж байгааг эрдэмтэд онцолжээ.
Дэлхий даяар жил бүр 720,000 гаруй хүн амиа хорлож нас бардаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр энэ нь 15-29 насны хүмүүсийн нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан болдог байна.
Холбоотой мэдээ

Хүүхдийн эрт илрүүлгийн явц, өвчлөлийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа

Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Хөлөнбуйрт тахлын шинж тэмдэг илэрснийг Н.Номтойбаяр мэдээлэв

Монгол эмч Д.Мөнхжавхлан Ази, Номхон далайн диализын хурлын шилдэг илтгэлээр тэргүүллээ

Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

