Африкийн 6 улсад “бэлэг эрхтний хулгайч”-ийн цуурхлын улмаас 80 гаруй хүн алагдажээ

BBC агентлагийн хуурамч мэдээлэлтэй тэмцэх алба Африкийн зургаан улсын цагдаагийн байгууллагаас цуглуулсан мэдээлэлд үндэслэн, 2025 оны аравдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл “бэлэг эрхтний хулгайч” гэх цуурхлын улмаас 80 гаруй хүн алагдсаныг тогтоожээ.
“Эрэгтэй хүний мөрөн дээр танихгүй хүн товшиход бэлэг эрхтэн агших, эсвэл алга болох” тухай худал мэдээлэл олон орны сошиал орчинд хүчтэй тархсан нь эмгэнэлт явдалд хүргэсэн байна. Цуурхалд итгэсэн хүмүүс сэжиглэгдсэн хүмүүсийг бүлэглэн зодож, зарим тохиолдолд амийг нь хөнөөсөөр иржээ.
Дүрс бичлэгүүдэд танихгүй хүнтэй харилцсаны дараа бэлэг эрхтэн, төмсөг нь алга болсон эсвэл агшиж хатсан гэх эрчүүд буруутныг хайж олоод “алдсан эрхтнээ” буцааж өгөхийг шаардан зодож байгааг харуулжээ. Африкийн алслагдсан бүс нутгийн иргэдийн дунд мухар сүсэг, чөтгөр шулмын тухай айдас түгээмэл бөгөөд энэ нь сошиал медиагаар улам өсчээ. Энэ цуурхал анх Ардчилсан Конго улсад үүссэн бол яваандаа Бурунди, Замби, Танзани, Мозамбик, Ангол, Малави, Кени зэрэг улсуудад тархсан байна.
Мозамбик улсад нөхцөл байдал хамгийн хүнд байгаа бөгөөд тавдугаар сард “бэлэг эрхтний хулгайч” хэмээн сэжиглэгдсэн 55 хүн зургаан долоо хоногийн дотор алагдсаныг тус улсын цагдаа мэдээлжээ. Мозамбикийн Ерөнхийлөгч Даниэл Чапо худал мэдээллийн улмаас амь үрэгдсэнийг буруушааж, хэн нэгний эрхтэн алга болсон гэх яриа анагаах ухаанаар батлагдаагүйг онцолсон юм. Харин хамгийн сүүлд долдугаар сард Кени улсын Квале, Момбаса мужуудад таван хүн бухимдсан олны гарт амь үрэгдсэн гэж BBC мэдээлжээ.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

