"Ачтан"

MassTV

“Ачтан” нэвтрүүлэг хүнд хэцүү мөчид бусдын төлөөх хүний сэтгэл ямар хол зай туулж чаддагийг өгүүлнэ

Амьд дэлхийн цэнгэг агаарт хөвөгч наран, саран дор хүн төрөлхтөн өөрийгөө болон орчин тойрноо гэрэлтүүлж, бие биедээ ач тус хүргэн, хайр энэрлээ хуваалцсаар ирсэн билээ. Ганцхан дэлхийгээ улс гүрнүүдийн хил хязгаараар хуваан оршдог ч хүний сэтгэлийн орон зайд хил хязгаар үгүй.
Хүний амьдралд зовлон тохиоход хажууд нь үлдэж, гараас нь атгаж, итгэл найдвар хайрладаг хүмүүс бий. Тэд бол бидний ачтан.
“Ачтан” нэвтрүүлэг хүнд хэцүү мөчид бусдын төлөөх хүний сэтгэл ямар хол зай туулж чаддагийг өгүүлэх нэгэн түүх юм.
Монголын олон гэр бүлийг аз жаргалтайгаар уулзуулсан баярт учралын цаана хоёр орны хүмүүсийн сэтгэл, олон хүний хөдөлмөр, итгэл найдвар шингэжээ.
Энэхүү буянт үйлсийг эхлүүлж, үргэлжлүүлж яваа хүмүүс бол Монгол Улсын Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Эрдэнэсайхан, БНСУ-ын Сөүл хотын Түндэмүн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Жун Сон Ён, Халлим түлэнхийн сан, Соншим эмнэлгийн хамт олон юм. Тэдний сэтгэл, зүтгэлээр ахуйн ослын улмаас түлэгдсэн 5 хөөрхөн хүүхэд эмчилгээ, тусламж авч, ээж аавдаа, эх орондоо эрүүл энх болоод эргэн иржээ.
Ийнхүү хүний амьдралд гэрэл гэгээ нэмж, итгэл найдвар бэлэглэсэн энэ үйлс өдгөө тав дахь намраа үргэлжилж байна. Таван намар гэдэг цаг хугацааны хувьд богино мэт боловч хүний амьдралын хэмжүүрээр бодвол маш их сэтгэл, зүтгэлийн мөр юм.
Энэ удаа бидний ирээдүй болсон таван хөөрхөн амьд амьдрал бэлэглэсэн ачтанууд Монголыг зорьж иржээ. Тэд үзэсгэлэнт байгаль, түүх соёлтой танилцаж, аялж зугаалахаар ирсэнгүй. Тэд Монголын маань ирээдүйд гэрэл гэгээ бэлэглэхээр ахуйн ослын улмаас зовж шаналсан гэр бүлүүдэд тусламжийн гараа сунгаж, итгэл найдварын дэнлүү асаахаар ирцгээсэн байна.
Энэрэнгүй сэтгэлээр хүнлэг хайр, халамж түгээж, ач тусын гараа сунган, олон хүүхдийн амьдралд гэрэл гэгээ, олон гэр бүлд итгэл найдвар бэлэглэсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа.
Хүний төлөө гэсэн таны сайхан сэтгэл, хийсэн буянт үйлс тань олон олон инээмсэглэл болон дэлгэрэн дэлгэрэх болтугай

Mass tv
2026 он
90955333

Эрүүл мэндОнцлох мэдээ
54

Холбоотой мэдээ