А.Шинэбаяр: У.Хүрэлсүхийг дэмжихдээ нэг ч төгрөг авч үзээгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эзэмшдэг гэх барилга, байгууламжийн зураг, мэдээллийг сэтгүүлч А.Шинэбаяр олон нийтийн сүлжээнд дэлгэсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар түүнийг худал мэдээлэл тарааж, төрийн тэргүүний нэр хүндэд халдсан гэж үзэж, хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан талаар мэдэгдсэн.
Хариуд нь А.Шинэбаяр ЕТГ-ын тайлбарыг няцааж, өөрийгөө шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт ирсэн гэдгээ хэллээ.

Тэрбээр ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригийг таван зүйлээр гүтгэж байна гэж мэдэгдэв. Тэдний хооронд найз нөхдийн харилцаа байгаа бөгөөд нэг удаа хамт хооллож, нэг удаа вайбэраар холбогдсон гэдгийг тодруулав.
Гүтгэлгийн эхний зүйлд Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажиллаж, амьдарч буй П.Шижээ эмч дөрвөн жилийн өмнө ЕТГ руу Хөдөлмөрийн баатар цолны хүсэлт явуулсныг дурдав. Хариу ирээгүй уг хүсэлтийг дамжуулсан төдий бөгөөд Ц.Ганзориг түүнээс хүний холбоог асуусан гэж А.Шинэбаяр тайлбарлав.
Хоёрдугаарт, мөнгө шантаажилсан гэх мэдэгдлийг тэрбээр няцаалаа. Редакцаа томруулах тухай ярианы үеэр Ц.Ганзориг «Найз нь чамайг дэмжих үү» гэж асуухад «Одоохондоо хэрэггүй» гэж хариулсан бөгөөд энэ нь хоолны ширээний ард болсон яриа гэж тодруулав.
«ЕТГ-аас мөнгө нэхсэн зүйл байхгүй» гэж тэрбээр мэдэгдэв.
Мөн тэрбээр сүүлийн 10 жил У.Хүрэлсүхийг дэмжихдээ нэг ч төгрөг авч үзээгүй, багт нь ажиллаж байгаагүй, тэднийхтэй нэг ч удаа гэрээ хийж үзээгүй гэдгээ онцлов.
Ерөнхийлөгчтэй уулзуулж өг гэж шаардсан гэх мэдэгдлийн талаар «Яагаад тусгаар улсын иргэн, парламентын сэтгүүлч хүн Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж болохгүй гэж. Гэхдээ би уулзъя гэж гуйгаагүй» гэж тэрбээр хэллээ.
Түүнийг «Херо»-гийнхонтой ажиллаж байна гэж харж байгаа байх гэсэн таамаглалд хариулахдаа «Женко»-г дэмжигчид мөнгөөр ажилладаг бол өөрөө Хүрэлсүх гэдэг хүнийг 10 жил итгэл үнэмшлээрээ дэмжсэн гэж мэдэгдэв.
Холбоотой мэдээ

Туул гол дагуух 1.1 сая тонн хогийг ачиж эхэлжээ

НӨАТ-ын сугалааны тохирол аравдугаар сарын 21-нд болно

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Нийгмийн даатгалын сангийн орлого 5.6 их наяд төгрөгт хүрч, 17.2 хувиар өсжээ

Орхон аймагт 16 настай хүүхдийг дээврээс аюулгүй буулгаж, амь насыг нь аварчээ

