2027 оны төсөв 10 их наядаар тэлж, алдагдал 2.3 их наяд болно

Монгол Улсын 2027 оны нэгдсэн төсвийн төсөлд 41.3 их наяд төгрөгийн орлого, 43.6 их наяд төгрөгийн зарлага төлөвлөгдсөн. Ингэснээр төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг болох тооцоо гарчээ. Энэ нь өмнөх оны төсвөөс 10 орчим их наядаар тэлсэн дүн юм.
Оюу толгойн ногдол ашгийг 2037 оноос 2027 он болгож наашлуулсан асуудал маргаан дагуулж байна. Иргэдээс ногдол ашгаа хэрхэн зарцуулах тухай саналыг аравдугаар сарын 29 хүртэл цахимаар авч байгаа ч төсвийн нийт орлогод Оюу толгойн ногдол ашгийн 2 их наядыг аль хэдийн оруулан тооцжээ.
Иргэд ногдол ашгаа баялгийн санд төвлөрүүлэхийг сонговол улсын төсвийн алдагдал 4.3 их наядад хүрнэ гэсэн үг.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027 оны төсвийн зарлага огцом нэмэгдсэнийг анхааруулж, нийт зарлага 28 хувиар өссөнөөр инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж дүгнэжээ.
Мөн Засгийн газар ногдол ашгийн орлого нэмэгдвэл төсвийн зарлагын дээд хэмжээг тусгай шаардлага харгалзахгүй нэмэх хуулийн төсөл санаачилсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл үүнийг төсвийг хяналтгүй тэлэх эрсдэлтэй гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар ногдол ашгийн орлого нэмэгдвэл төсвийн зардалдаа ашиглах эрх зүйн боломж бүрдүүлэхээр санал гаргажээ.
Холбоотой мэдээ

Намрын чуулганд 15 хуралдааны ирцээр «F» дүн авсан гишүүдийг нэрлэв

Монгол, Герман стратегийн түншлэл тогтоож, 90 сая долларын санхүүжилт баталгаажжээ

Сангийн сайд: Оюутолгойн ногдол ашгийг нэг удаагийн хуулиар зохицуулж, эрчим хүчийг шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал эхлүүллээ

Трамп Оросын эсрэг хоригийн хэрэгжилтийг 60 хоног хойшлууллаа

