2027 онд мэдээлэл сурталчилгааны зардалд 26.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

2027 оны нэгдсэн төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлж, холбогдох байнгын хороод хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн нийт зарлага 43.5 их наяд төгрөг буюу нэрлэсэн ДНБ-ий 37.8 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тусгажээ.
Урсгал зардал 33.5 их наяд төгрөг болж, 2026 оны төсвөөс 7.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байна. "Бараа үйлчилгээний бусад зардал"-д 713 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 627.4 тэрбум нь төрийн байгууллагуудын бараа үйлчилгээний бусад зардал, 59.7 тэрбум нь сургалт дадлага бэлтгэлийн зардал, 26.4 тэрбум нь мэдээлэл сурталчилгааны зардал байна.
Сангийн яамнаас мэдээлэл сурталчилгааны зардлыг ихэвчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах байдлаар зарцуулдаг гэдгийг мэдээлж байна. 2026 онд энэ зорилгоор иргэдийн татвараас 17.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол 2027 онд 8.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төсөлд тусгажээ.
Мэдээлэл сурталчилгааны зардлын 9.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 15.8 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс, 1.2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн төсвөөс гаргахаар 2027 оны төсвийн төсөлд тусгажээ.
"хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг"
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Санжаадорж хэлэхдээ мэдээлэл сурталчилгааны зардал нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр зарцуулагддаг бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуульд хууль сурталчлах хүрээнд энэ төрлийн зардлыг гаргах зохицуулалттай байдаг гэв. Түүний хэлснээр, аль нэг төсвийн байгууллага хууль сурталчлах хүрээнд зардлын саналаа ирүүлдэг бөгөөд саналын дагуу төсөвт тусгадаг. Мэдээлэл сурталчилгааны зардал байгууллага бүрд байдаггүй бөгөөд жишээлбэл УИХ-аас баталсан хуулиа сурталчлах хүрээнд зардлын саналаа ирүүлдэг бол Ашигт малтмал газрын тосны газарт ийм төрлийн зардал байдаггүй гэж тэрээр тайлбарлав.
"Энэ төрлийн зардлын гүйцэтгэл нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ байгуулах байдлаар зарцуулагдсан байдаг. 20 сая төгрөгөөс дээш гэрээ байгуулах хуулиар тендер зарлах учиртай байдаг" гэв.
Холбоотой мэдээ

Гараашны татварыг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж, санал авч эхэлжээ

Сүхбаатар дүүрэг гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 хувийн үнэлгээ авлаа

МОНГОЛ ХҮН БҮРД ХҮРГЭЭРЭЙ! МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛАЛ МИНЬ НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛЭНЭ!

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараахыг санал болголоо

Шатахууны үлдэгдэл 10-34 хоногийн хэрэглээтэй байна

