1945 оноос хойш тогтсон дэлхийн дэг журам задарч, эмх замбараагүй байдлын үе ирж байна

Канадын түүхч Маргарет Макмиллан Нью-Йорк Таймс сонинд нийтлүүлсэн эсседээ 1945 оноос хойш АНУ тэргүүлж ирсэн дэлхийн дэг журам суларч, улс орнууд эмх замбараагүй байдлын шинэ үеийг туулж эхэлсэн гэж үзсэн байна.
"АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсч, Орос-Украины дайн үргэлжилж, АНУ урьд нь олон улсын дэг журмын гол тулгуур байсан бол одоо түүний бодлого таамаглахад хэцүү болж, Канад зэрэг хамгийн ойрын холбоотноосоо ч нүүр буруулж байна" гэж тэр бичжээ.
Түүччийн хэлснээр, өнөөгийн хямралууд нь тус тусдаа түр зуурынх биш, харин хуучин тогтолцоо бүхэлдээ задарч буйн шинж юм. Тэрбээр Францын зохиолч Альбер Камюгийн "Тахал" роман дахь "үхсэн хархууд"-тай зүйрлэн, дайн, холбоотны харилцааны зөрчил, олон улсын дүрэм зөрчигдөж буй нь ирээдүйн аюулын дохио гэдгийг анхааруулсан байна.
2026 оны зун агаарын температурын дээд үзүүлэлт шинэчлэгдэж, дэлхий ган гачиг, ой хээрийн түймэрт нэрвэгдсэн, АНУ, ЕХ зэрэг хөгжингүй орнуудын өр түүхэн дээд түвшиндээ ойртож буйг тэр онцолсон. Хиймэл оюун ухаан зохицуулалтгүй хөгжиж, аюулгүй байдал, ажлын байранд заналхийлж эхэлсэн, дэлхийн эмнэлгийн тогтолцоо суларснаар шинэ цар тахал дэгдэх эрсдэл нэмэгдсэн гэж Макмиллан тэмдэглэсэн байна.
Хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна
Түүний дурдсанаар, Шведийн Уппсала их сургуулийн судалгаагаар 2025 онд улс орнуудын оролцсон 65 зэвсэгт мөргөлдөөн бүртгэгдсэн нь 1946 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов. Их гүрнүүд шинэ технологи ашиглаж буй улсуудтай тэгш бус дайнд автаж, Оросын дайн Украинд тав дахь жилдээ үргэлжилж, Иран хямд дроноороо Америкийн цэрэг, холбоотнуудад аюул учруулах болсон гэж тэрбээр дурдсан.
"Дэлхийн дайн зайлшгүй дэгдэх албагүй. Гэвч том гүрнүүдийн хооронд сүйрлийн хэмжээний мөргөлдөөн гарах аюул сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээр ойртсон" хэмээн Макмиллан анхааруулжээ. Харин тэрбээр Франц, Орос, Германы хувьсгалуудын түүхээс сургамж авч, эрх баригчид аюулын дохиог цаг тухайд нь таньж, өөрчлөлтөд дасан зохицох ёстойг онцолсон.
Харин Их Британи 1832 онд удаан хүлээгдсэн шинэчлэлийг хийснээр хувьсгал, хямралаас зайлсхийсэн жишээг тэр дурдаж, "өргөн хүрээтэй хямралаас зайлсхийхийн тулд улс орнууд шаардлагатай өөрчлөлтийг цаг тухайд нь хийх ёстой" гэжээ.
Макмиллан өнөөгийн нөхцөлд улс орнууд хуучин дэг журамд зууралдан, өөрчлөлтөөс татгалзвал аюул нэмэгдэнэ гэдгийг давтан анхааруулж, "хуучинтайгаа зууралдах нь 1914 оны дэлхийн нэгдүгээр дайны өмнөх нөхцөл байдалд хүргэж болзошгүй" гэсэн болгоомжлол хийсэн байна.
Гэхдээ тэрбээр гутранги биш байхыг уриалж, "III дайн заавал дэгдэнэ гэхгүй ч жижиг, бүс нутгийн мөргөлдөөн нэмэгдэнэ" гэжээ. Мөн жижиг, дунд улсууд их гүрнүүдийн хамгаалалтад найдах боломжгүй болж, олон улсын дүрэм зөрчсөн улсууд шийтгэлгүй үлдэх тусам бусад улс үүнийг дагах эрсдэлтэй гэдгийг тэрбээр тэмдэглэсэн.
Макмиллан "ирээдүй хүн төрөлхтний гаргах шийдвэрээс хамаарна" гэсэн дүгнэлтийг хийсэн бол уг нийтлэлийг монгол хэлэнд хөрвүүлсэн Мягмаржавын Баяр, редактор судлаач Дашдоржийн Баярхүү нар Монгол шиг жижиг улс олон тулгуурт харилцаатай байх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх шаардлагатай болсныг онцолсон байна.
Холбоотой мэдээ

Тендерийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Д.Болд: Багшийн суурь цалинг төрийн албаны жишгээс өндөр тогтоох хэрэгтэй

Тамхины тухай хуулийн төслийг эцэслэн батлах шатанд хүрлээ

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж, скүүтер, мопедийг зөвхөн машин замаар явуулна

АН: Оюу толгойн ногдол ашгийг төсөл хөтөлбөрт зарцуулах нь буруу

